Logo

Ерөнхий мэдээлэл

Ерөнхий мэдээлэл


1. Төслийн үндэслэл ба шаардлага

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд хурдацтай хотжилт, хүн амын өсөлттэй зэрэгцэн замын түгжрэл, агаарын бохирдлын нэмэгдэл, мөн нийтийн тээврийн систем нь эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа зэрэг ноцтой асуудлуудтай тулгарсаар байна.

• Хүн амын өсөлт: 2023 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн ам 1,640,781 байсан бол 2040 он гэхэд 2,089,807 болж өсөх төлөвтэй байна. Энэ нь 449,027 хүнээр нэмэгдэхийг илэрхийлж байгаа бөгөөд жилийн дундаж өсөлтийн хувь (CAGR) -ийг 3.5% гэж тооцоолжээ.

• Тээврийн хэрэгслийн өсөлт: бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2015 оноос хойш жил бүр дунджаар 5%-иар өссөн бөгөөд 2023 онд нийт 697,870 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь замын түгжрэлийн гол шалтгаан болж байна.

• Байгаль орчны асуудал: Улаанбаатар хотын агаарын бохирдол нь улсын болон нийслэлийн засаг захиргааны хувьд нэн тэргүүний анхаарах асуудал болоод байна.

• Одоогийн нийтийн тээврийн хязгаарлалт: Улаанбаатар хотын гол нийтийн тээвэр нь их багтаамжтай автобус бөгөөд 2020 оны байдлаар нийт 1,189 автобус бүртгэлтэй байна. Гэвч энэхүү систем нь өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг дангаараа хангаж чадахгүй байна. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэн, тогтвортой хотын хөгжлийг хангахын тулд Улаанбаатар хотод орчин үеийн метроны системийг нэвтрүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.


 2. Өмнөх судалгаа болон шинэчилсэн ТЭЗҮ

• 2013 оны анхны ТЭЗҮ: 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) нь “Улаанбаатар хотын хотын тээврийн төсөл”-ийн хүрээнд анхны ТЭЗҮ-г боловсруулсан. Энэхүү судалгаагаар хотын нийтийн тээврийн сүлжээнд гол үүрэг гүйцэтгэх орчин үеийн метроны систем болох Улаанбаатар метроны 1-р шугам (UBM1)-ыг хөгжүүлэхийг санал болгосон. Судалгаанд тээврийн эрэлт хэрэгцээний шинжилгээ, зардлын тооцоо, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ багтсан.

• 2024 оны шинэчилсэн ТЭЗҮ: 2013 оны анхны судалгааны дараа Улаанбаатар хотын тасралтгүй хотжилт, хүн амын динамик өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал болон технологийн хөгжил зэргийг харгалзан 2024 онд ТЭЗҮ-г нарийвчлан хянаж, шинэчлэх шаардлага үүссэн. Шинэчилсэн ТЭЗҮ -г төслийн багийн захирал, хотын тээвэр төлөвлөлтийн баг, эдийн засаг болон санхүүгийн шинжилгээний баг зэрэг мэргэжлийн судалгааны баг хамтран боловсруулсан.


 3. Улаанбаатар метроны 1-р шугамын онцлог

• Чиглэл: Баруун талын W7 өртөө (Толгойт өртөө)-нөөс зүүн талын E7 өртөө (Амгалан өртөө) хүртэлх чиглэлийг хамарна. Энхтайваны өргөн чөлөө (Peace Avenue) нь хотын дэд бүтэц, тээврийн гол төвлөрөл бүхий гол зам бөгөөд метроны шугам нь энэ зам дагуу хөгжих бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг, засвар үйлчилгээ болон шөнийн зогсоолын зориулалттай нэгдсэн депо байгуулагдах юм.

• Шугамын нийт урт ба бүтэц: Нийт урт нь 19.4 км бөгөөд үүнээс 19.1 км нь газар доогуур, 0.3 км нь газрын түвшинд байрлана.

• Өртөөний тоо: Нийт 15 өртөөтэй (газар доогуур 14, газрын түвшинд 1). Газар доорх өртөөнүүд нь ихэвчлэн 3 давхар бүтэцтэй бөгөөд төмөр замын түвшин нь замын гадаргуугаас 25 метрийн гүнд байрлаж, газар доорх гарц болон инженерийн шугам сүлжээний зайг бүрдүүлнэ.

• Барилгын аргачлал: Газар доорх өртөөнүүдийг ихэвчлэн “газар ухах-хучих” (Cut and Cover) аргаар, өртөө хоорондын туннелийг хамгаалалтын бүрхүүл (Shield) бүхий туннель өрөмдлөгийн (TBM, Tunnel Boring Machine) аргаар барихыг санал болгож байна. Хамгаалалтын бүрхүүл (Shield) бүхий өрөмдлөгийн аргын давуу тал нь газрын доорх усны нэвчилтийг бүрэн хааж, хөрсний суултыг хамгийн бага түвшинд байлгах боломжтой.

• Систем: Галт тэрэгний хяналт, мониторингийн систем (TCMS)-ийг багтаасан дэвшилтэт дохиоллын систем, шилэн кабелийн дамжуулах систем, утасгүй холбооны сүлжээ (WAN) зэрэг харилцаа холбооны системүүдийг байгуулах бөгөөд цахилгаан хангамж нь 1500V тогтмол гүйдлийн системээр хангагдаж, онцгой нөхцөлд зориулсан цахилгаан үүсгүүрийн иж бүрдэл суурилагдана.


 4. Метро төслийн хүлээгдэж буй үр нөлөө

• Замын түгжрэлийг бууруулах болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх: Метро нь хотын замын түгжрэлийг эрс багасгаж, хурдан бөгөөд үр ашигтай зорчих боломжийг бүрдүүлснээр иргэдийн ажилдаа явах-ирэх хугацааг богиносгоно. Одоогийн автобусны шугамуудыг метроны шугамтай уялдуулан гол тээврийн хэрэгсэл болгон дахин зохион байгуулах юм.

• Эдийн засгийн хувь нэмэр ба ажлын байр бий болгох: Метроны бүтээн байгуулалт болон ашиглалтын үе шатанд шинэ ажлын байр бий болох боломжтой. Мөн орон нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна.

• Байгаль орчны сайжруулалт: Метрог нэвтрүүлснээр хувийн автомашины хэрэглээг бууруулж, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн (GHG) ялгарлыг багасгахад хувь нэмэр оруулна.

• Хотын хөгжлийг дэмжих (TOD): Метро төвтэй нэгдсэн хот төлөвлөлт нь Улаанбаатар хотын нийгэм-эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломж, ажлын байр бий болгох, байгаль орчны сайжруулалтад эерэг нөлөө үзүүлнэ.

• Газар доорх орон зайг ашиглах: Өртөөнүүд болон түүний ойр орчмын барилгуудыг холбосон газар доорх явган хүний гарц, худалдааны талбайг хөгжүүлснээр өвлийн хүйтэнд ч ашиглах боломжтой, тав тухтай газар доорх хотын орон зайг бүрдүүлэхээр төлөвлөж байна.




Видео танилцуулга

Тоглуулах товч дээр дарна уу